Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Догсом нь Алс баруун хязгаарт Засгийн газрын төлөөний түшмэл байхдаа амраг ханьдаа зариулж “Жинжий Бадмаа” хэмээх гайхалтай сайхан дуу зохиосон билээ.
Хөх торгон дээлийг
Хөдөөний хоршооноос
Худалдаад авсан юм аа
Хөөрхөн төрсөн
Миний амраг Жинжий Бадмаа
Хөхрөөд байгаа модтой уулын
Альхан талд явдаг бол доо...гэсэн үгтэй энэ дуу нь хожмоо ардын дуу мэт чихинү чимэг болон аялгуулан түгсэн юм. Бас Ардын хувьсгалын анхны долоогийн нэг маршал Х.Чойбалсан амраг ханьдаа зориулан дуу зохиосон байдаг.
Засгийн газраас заагаад өгсөн
Жанжин миний биеэ хө
Залуу зантай Бортолгой минь
Завхай битгий яваарай
Мухар тэргийг унахад
Муухай ч биш сайхан даа
Мухар хуруу Бортолгой минь
Муухай ч биш сайхан даа...
Маршал Х.Чойбалсангийн зохиосон дуу нь “Жинжий Бадмаа”-г яаж бараадах вэ? Тиймээс ч тэртээ дээр цагт мартагдсан байна. Дуунд гарч байгаа залуу зантай Бортолгой нь Маршалын анхны гэргий, 1883 онд төрсөн, өөрөөс нь 12 насаар эгч. Х.Чойбалсан, Бортолгой хоёр 1921 онд суусан бөгөөд 1935 онд албан ёсоор салсан байна. 52 насандаа салахдаа Бортолгой нь “Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлага хүлээсэн хүн. Над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр яах вэ. Хэн хэнээ сэтгэлийн зовлонгоос салгаж зам мөрөө хөөе” гэж хэлсэн гэдэг. Зарим эх сурвалжид “Би чамайг жирийн сайн эмэгтэйтэй танилцуулъя гээд Маршалын хоёр дахь гэргий Б.Гүндэгмаатай ойртуулсан” гэж тэмдэглэсэн байх юм.
1935 онд Засгийн газрын орлогч сайд болж, улмаар 1936 онд Дотоод явдлын яамны сайдын албыг хавсран хаших болсон Х.Чойбалсан хойт хөршийн удирдагч И.Сталины заавраар Монголд их хэлмэгдүүлэлтийг эхлүүллээ. 1940 он хүртэл дөрөвхөн жилийн дотор ямарч буруугүй 63 мянган хүнийг Японы тагнуул, Ардын хувьсгалын эсэргүү хэмээн хилс хэрэгт унаган буудаж хороолоо. Азаар буудуулалгүй амьд үлдсэн 7000 хүн хилс хэргээр шийтгэгдэн шорон гяндангийн хүнд хүчирт 10-аас доошгүй жил тарчлах хувь заяагаа эхлүүллээ...
Их хэлмэгдүүлэлтийн энэ хүнд бэрх цаг дор Бортолгой нь хуучин нөхөр Маршал Х.Чойбалсанд хандаж “Миний хойчийн буян бодож, сүнс минь төөрөхгүйн зовлонгоос ангижруулж өгнө үү. Үүний тулд баривчлагдсан, хүрээ хийдийн мяндаг тушаалтай том лам нараас 108 хүнийг суллаж өршөөнө үү” гэж хүссэн байна. Бурханы шашинтай энэ эмэгтэйн гайхамшигт үйлдэл өөрийгөө гэхээсээ илүүтэйгээр шашин номыг Монгол газраа таслахгүй гэсэн зорилготой байж. Тиймээс ч эрдэм номтой том лам нарыг гэж тодотгосон гэдэг. Бортолгойн бас нэг гавьяа нь Чойжин ламын шавь учраас багшийнхаа сүм буюу одоо Хуримын ордны ард байгаа Чойжин ламын сүм музейг нураалгаагүй.
Маршал Х.Чойбалсан анхны эхнэрийнхээ гуйлтыг биелүүлсэн байна. Тэгэхдээ эрхиний тоотой тэнцүү 108-ыг бус, яагаад ч юм бэ, 70 ламыг суллаж тавьсан аж. Орон нутгийн зүг баяртайгаар таран одож, нутаг нугадаа суурьшсан тэдгээр лам нар билгийн тооллын сар бүрийн шинийн нэгэн, найман, 15, 25, битүүнд Бортолгойд зориулан бурхан, шашны номоон уншдаг байжээ. Нөгөөтэйгүүр сайхь эмэгтэйн чин хүслийг гүйцэлдүүлэн өөрсдийнхөө насны хязгаар дуустал Бурханы номыг таслахгүйн төлөө ил далд хэлбэрээр тэмцсэн байна.
Тэдгээр 70 хуврагын нэг, нутгийхан нь “Цагаан сахалт Ажаа” хэмээн гуайлдаг өвгөн лам Ховд аймгийн Манхан сумд хуучин Төгрөгийн хүрээний бууринд ганц биеэр аж төрж байжээ. Манхан сумынхан,
-1970-аад онд биднийг бага хүүхэд байхад Цагаан сахалт Ажаа өвөл зунгүй Төгрөгийн хүрээний бор байшин бараадан ганц гэрээр сууна. Манай сумынхан нүүх суух, хурим найр, хүүхдийн сэвлэг даахи үргээх өдөр цагийг Ажаагаас асуух гэж өдөр шөнөгүй сэм цувна. Хүмүүс Цагаан сахалт Ажааг номтой сүрхий хүн гэж өвөр зуураа ярилцах боловч уулзаж учирснаа их л нууцална. Хүүхэд хөгшид бид бүгдээр өвдөхдөө сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ. Тэр үед манай эмнэлэгт Анагаахын дээд сургуулийг улаан дипломтой төгссөн Юмжав эмч ажиллаж байлаа. Цагаан сахалт Ажаа номын дуу таслахгүй, Юмжав эмч ч сурсан эрдмээ гаргана даа. Хүүхэд байсан болоод тэр үү. Өвчтэй хүмүүсийг Цагаан сахалт Ажаа сэхээв үү, улаан дипломтой эмч аврав уу гэдгийн учрыг олох гэж хэрдээ толгой гашилгавч тоймтой хариу үл олдогсон. Цагаан сахалт Ажааг их зовлон үзсэн хүн гэлцэнэ. Их баривчилгааны үед баригдаад хотод Батцагаан гэдэг айхтар шоронд орсон юм байх. Идэх хоол, уух унд олддоггүй газар байж. Олон лам нар нэг өрөөнд бөөнөөр чихэлдэн хэзээ цаазаар аваачих бол гэж түгшин тэр аймшигт мөчийг хүлээн Бурхандаа залбирч сууцгаадаг байжээ.
Гэтэл нэг өдөр хуягууд хаалга нээн 70 ламын нэрийг дуудан суллахад Цагаан сахалт Ажаа багтжээ. Хуягууд “Маршалын Бортолгойн гуйлтаар та нар суллагдлаа шүү. Бортолгойн нас буянг нэмэх, хойд насандаа сайн төрөл олоход зориулж ном уншиж байгаарай” гэж захисан гэдэг юм.
Бортолгойн гуйлтаар сулласан лам нарын нэгэнд Цагаан сахалт Ажаа багтсан болохоор түүнд зориулан ном уншиж байдаг гэж томчууд ярина. Манханыхан заримдаа “Цагаан сахалт Ажаа өнөөдөр уулзах гэсэн чинь биднийг оруулахгүй байна. Бортолгойн ном уншиж байгаа бололтой” хөөрөлддөгсөн хэмээн өгүүлж байна.
Маршалын гэргий Бортолгой 1944 онд 61-тайдаа бурхан болсон агаад энэ эмэгтэйн суллуулсан 70 лам “Бортолгойд зориулж буй” хэмээх нэрийн дор, Цагаан сахалт Ажаатай нэгэн адил, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд эх орныхоо 70 өөр өнцөг булан, орон нутагтаа Тарнийн хийгээд Судрын ёсны ном уншиж социализмын үед Бурхны шашныг их бага алин боловч тодорхой төвшинд авч үлдэн хойч үедээ хүргэж чадсан буяны мөртэй хүмүүс. Үүнийг Бортолгойн, шашин номыг Монгол газраа таслахгүй гэж зорьсны биелэл хэмээн дүгнэж болох юм.