1970-аад онуудад Улаанбаатарын нилээд том хэмжээний пянз эргэлдүүлэгчдийн нэг байсныхаа төлөө Энхтайван өнөөдөр цухас боловч дурсагдах ёстой хүн шүү. Пянзны дэлгүүр, хөгжмийн аж үйлдвэрлэлийн зах зээл гэж байгаагүй шахуу тэр үед нийгэмд энэ мэт хүмүүсийн үйл ажиллагаа тун хэрэгтэй байсан юм. Одоо бол төрөлжсөн пянзны дэлгүүр хоршоо олонтой, пянзны соёлыг эргүүлж түгээх сэтгэлтэй залуус нэг биш болсон цаг. Галзуу хэмээн алдаршсан Намсрайн Энхтайван 1956 онд төрсөн мич жилтэй хүн байсан. Энд нэг гудамжны нөхрийн тухай бичээд байна гэж битгий бодоорой. Тухайн цагт Энхтайван мэтийн дуу хөгжимд хайртай, гадаадын дуу хөгжмийн талын бүхий л мэдээллийг ихэд дээдэлдэг, түүнийгээ бусадтай хуваалцдаг залуусын ачаар л Улаанбаатарын төвийнхөн өөрсдөөс нь алсын алс, холын хол мэт санагддаг барууны пянзны аялгуу эгшиг, хавтас нүүрний гайхамшгаар нь нүдээ баясгаж, чих юугаа мялааж байсныг үгүйсгэх аргагүй ээ. Энэ Энхтайван шиг мянга мянган залуус барууны хөгжмийг өөрсдийн арга замаар түгээж байсны захын нэг жишээ нь бусдад сонсгох гэж гэрийнхээ цонхыг байдгаар нь дэлгэн онгойлгож, пянз тоглуулагчаа хамаг чанга дээр нь дуугарган, түүнээсээ өөрсдөө сэтгэлийн таашаал авдаг байсан явдал. Ердөө л энэ. Энхтайван найз нартайгаа суухдаа банзан гитар аваад Shocking Blue хамтлагийн "Venus" (She’s got it гэдгийг тухайн үед монголчууд дуудлагаар нь шизгарис гэж дуулдаг байв) дууг заавал дуулдаг, пянзыг нь тавьж байгаад донжтой нь аргагүй бүжиглэдэг байсан юм. Тэр их ганган цэмцгэр, цэвэрхэн хувцаслаж явна. Хааяа үсэндээ хими хийлгэчихнэ. Буржгар үс нь түүнд жигтэйхэн зохино. Хүүхэд байхдаа нэг бөөрөө авхуулсан тэрээр эмч нар хоорондоо өөрийг нь нэг их урт наслахгүй байх гэж ярилцахыг санамсаргүйгээр олж сонссон нь түүний ааш зан, цаашдын амьдралд нь сөргөөр нөлөөлсөн гэж өөрөө ярьдаг байв. Нэгэнт урт наслахгүй гэдгээ мэдсэн тэрээр бүхнийг амжуулах гэж, бүгдийг мэдэж сонсож, амсах гэж адгасан нь галзуу гэх хочийг олсон байж болох л юм. Энхтайван сүүлд Монгол банкны Ерөнхийлөгч болсон О.Чулуунбат, "Инээмсэглэл"-ийн Б.Долгион нартай их дотно найзална. Нэг удаа Соёл-Эрдэнийн умгар өрөөндөө бид шинэ дууны бэлтгэл сургууль хийгээд сууж байтал Энхтайван ороод ирлээ. Тэгтэл ч араас нь манай нэг найз бүсгүй "Ленин клуб"-т кино үзэх гэсэн билет авч чаддаггүй ээ. Кассанд нь хүмүүс битүү шавчихаж" гэсээр орж ирлээ. Улаанбаатарт хамгийн гайгүй гадаад, шинэ кино "Ленин клуб"-т л гардаг байлаа шүү дээ. Хүн бүр л тасалбар олоод гоё кино үзчих санаатай хоёр гурван цагийн өмнө дугаарлан зогсож, зарим нь хажуугаар нь зүтгэж бөөн чихэлдээн шахалдаан болно. Ядаж байхад "Ленин клуб"-ын билетийн касс гэж ямар жижигхэн өрөө байв даа. Яг үнэндээ олон нийтийн газар биеэ авч явах соёл л жаахан дутуу үе байжээ.
Найз бүсгүйн үгийг сонсож суусан Энхтайван "Алив гарцгаая. Би билет авч өгье" гээд биднийг дагуулж гарлаа. Хуучин Филармониос "Ленин клуб" хүртэл юухан байхав, том гучин алхам. Цугласан хүн гэдэг жигтэйхэн нүүгэлтэж, клубын гадуур зай завсаргүй шавчихаж. Энхтайван энэ тэрүүгээр таньдаг хүн амьтан харж, зарим нэгийг нь дуудаж уулзсаар жаал зогслоо. Шүгэлдэж гараараа зангаж, бас нэг нөхрийг дуудаж юм шалгаах юм. Илүү тасалбар л асуусан бололтой. Тэгснээ над дээр ирж хүрмээ тайлснаа "Өөрөө л орохоос" гээд кассын хаалгаар битүү чихэлдэх хүмүүсийг чиглэн алхлаа. Би түүнийг арай ч тийм "зэрлэг" үйлдэл хоёр билетийн төлөө хийхгүй гэж бодож байв. Яасан гээч, хаалга таглан чихэлдэж наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болсон хүмүүсийн толгой дээгүүр тэр ганц харайлтаар, сурмаг гэгч нь үсрээд гарчихлаа. Хөл гараараа дайралдсанаа цохин түлхэж, байдгаараа орилж гарлаа. Тэгтэл ч чихэлдэн зууралдаж байсан нөхөд захаасаа бутарч тарах нь тэр. Энхтайван хүмүүсийн толгой дээгүүр элэглэн цааш мөлхсөөр кассын хаалга руу орж бараа тасрав. Удалгүй хараал урсгаж, хацар амаа гараараа тагласан хүмүүс "Энэ ямар тэнэг дүүрсэн нөхөр вэ" гэсээр гарч ирцгээн, тэрүүхэн зайнд тарж зогслоо. Заримынх нь хамраас цус гарсан бололтой. Миний барагцаалснаар бараг зуу орчим хүн тэрхүү кассын умгар өрөөнөөс гарч ирсэн юм даг. "Ёстой галзуу амьтан юм даа. Ёо толгой өвдчихлөө. Хүзүүнд юм орчих шиг боллоо, Чихээ ураад хаячихлаа" гэх мэтээр хүмүүс хоорондоо ярилцах нь, орой үдшийн сийрэг агаарт тодхон сонсогдоно. Хүмүүсийн амнаас болон кассын өрөөнөөс гарах халуун агаар, уур болон дээш дэгдэх нь байн байн ирж зогсох, автобусны гэрэлд сүртэй харагдана. Гоё киноны тасалбарын төлөө алалцаж шахцалдаад цаашаа ч үгүй, наашаа ч үгүй болсон, тэр олон хүмүүсийн толгой дээгүүр Энхтайван хэвтээгээрээ урагшлахдаа, заримыг нь хөлөөрөө тийрч, заримын үснээс нь зулгааж, баахан дүрсгүйтсэн бололтой юм. Ер нь бол тэгж чадах л хүн. Ямар сайндаа л галзуу хочийг авах билээ. Гэхдээ тийм ч дүүрсэн улаан галзуу хүн биш байсан шүү.
Орсон хүн гарах боломжгүй, гаднаас хэн ч орж чадахгүй пиг чихээтэй байсан тэр олон хүмүүс "галзуу" Энхтайваны нэг хашхиралтаар л бүгд чимээгүй болж, тэр дороо ямар ч хэл амгүйгээр, билетийн кассаас гарч зогсохыг би өөрийн нүдээр ингэж харсан юм. Хүнгүй болж хоосорсон билетийн кассанд ганцаараа үлдсэн Энхтайван их додигор алхсаар билет борлуулагч орос хүүхэн дээр очиж, дор мэхийн ёслон, хоёр тасалбар аваад эргэх нь цан цохисон жижиг цонхоор хальт харагдаж билээ. Ийм л хийморьтой ч гэмээр юм уу, "галзуу" хүн байсан даа хөөрхий. Тэр олон шахалдсан, замбараагүйтсэн нөхөд бүгд кино үзэх гэсэн үү гэдэг нь сонин. Мэдээж ихэнх нь үзэх санаатай ч, зарим хүмүүсийн яриагаар бужигнаан дунд, хүний хармаа ухах, тасалбар авч бусдад дамлах сонирхолтой цөөн тооны нөхөд байдаг байжээ.
Хотын "эвгүй гар"-ууд ингэж хааяа олон нийтийн газар гарсан бужигнаан, самууныг нам дарж журам сахиулсан удаа олон байх аа. Эмх замбараагүй болсон олны энэ мэт үйлдлийг хэн нэгэн зохицуулах учиртай байсан ч, хэн ч хөдөлдөггүй байсан юм. Ямар сайндаа "Соёл-Эрдэнэ" хамтлагийн Драмын театрт болсон "Эх нутгийн дуулал" концертын анхны тоглолтын үеэр үзэгчдийн орох хаалган дээр үүссэн, эмх замбараагүй байдлыг эргүүл ротын хэдэн цагдаа нар зохицуулж дийлэхгүй болоход, Гал командын машин хоёрыг авчирч өндөр даралттай хүйтэн усаар, шүршиж байж эмх цэгцэд нь оруулж байхав. Манай зарим тоглолтыг эргүүл ротын нохойтой цагдаа нар зохицуулж байсан удаа олон. Цагдаа нарын гарт бороохой гэдэг юм нилээд сүүлд 1990-ээд оны эхээр л тавигдсан даа. Иймэрхүү хэнд ч дийлдэхгүй, хэний ч үгийг сонсохгүй болсон "хүн сүрэг"-ийг яг тэр өөрсдийнх нь үзүүлж буй, замбараагүй гэмээр үйлдлээр нь эргүүлж дардаг арга зам, тухайн цагт байсан нь үнэн. Улсын Филармонийн үүдэнд шамбааралдсан хагас мянган хүний утга учиргүй бужигнааныг "хогийн Цогзолмаа" гэж алдаршсан эмэгтэйн ганц хашхиралт учрыг нь олж, эмх журамд оруулдаг байсан юм. Үзэгчдийн суудал нь ердөө 210 байхад тасалбартай, тасалбаргүй 500-аад хүн, бүгд орох гэж хаалга үүд эвдэн улангасан дайрахад, өөр юу ч хэрэг болоогүй, ердөө "хогийн Цогзолмаа"-ийн ганц хашхиралт л хэрэг болсон удаатай. Жирийн үед гэмгүй сайхан ааштай, тун ухаалаг эмэгтэй байсан даа. Хаа байсан төв замын цаанаас "Сайн байцгаана уу, Соёл-Эрдэнэ-ийхээн?" гэж түүнийг гар даллахад, бид яах ч аргагүй бүгд гар өргөж, хариу мэнд мэддэг сэн.
Нэг удаа Бүгд найрамдах уншуулж, хоригдож үзсэн Энхтайван "Үхэж байсан ч дахин шоронд суухгүй" гэж ам өчгөө өөртөө өгсөн байдаг юм. Тэгээд нэгэн хэрэг явдлын үүднээс яах аргагүй баривчлагдаж, магадгүй таслагдах дээрээ тулсан нь 1982 оны намар цаг. Түүнийг "хагархай" Тамирын гэрт байгааг Аюур тэргүүтэй сэргийлэгч нар мэдээд байрных нь гадаа хоёр хоёроороо, хоёр дахь хоног дээрээ жижүүрлэж байлаа. Энхтайваны толгой хаалгаар цухуйх л юм бол баривчлах тушаалтай. Гэтэл Энхтайванд дахин таслагдаж, шоронд суух бодол ер байсангүй. Тэр байн байн тагтан дээр гарч, байшингийн булангаас хааяа цухалзах сэргийлэгч нартай хэрэлдэж байгаад буцаж орно. Ингэж хоёр хоног гарах аргагүй, айлын гэрт бүгсээр сүүлдээ сэтгэл санаа шулуудсан юм болов уу даа. Галсанбатын дүү Галсанбаатарыг гэрээс нь дуудаж, "Хэрлэн" ресторан руу гүйлгэн 100 грамм авчруулан ууж, зүрхээ чангалж аваад, "Энхтайван миний үхэлд гэр бүл болон найзууд маань ямар ч буруугүй" гэж бичсэн цаас ширээн дээр нь орхиод, эхнэр Лхамаа, хүү Санчир нараа Тамирын гэрт үлдээгээд гарсан байгаа юм. Тэгээд тэдний өөдөөс харсан Галсанбатын гэрт орж, хүүе гэхийн завдалгүй, шууд тагтны хашлагийг хөлөөрөө ганц хүчтэй тийрч, доош үсрэн амиа егүүтгэсэн гэдэг. Авгай болон хүүдээ өөрийн үхлээ харуулахгүй гэж хөрш айлын тагтнаас үсэрсэн нь тэр байж. 8 давхраас үсэрсэн хүнээс юу бүтэн үлдэх билээ. Галзуу мэт амьдарч, галзуу мэт хорвоог орхисон ийм нэгэн залуугийн түүх ийм эмгэнэлтэй дууссан юм. Ёстой санаанд оромгүй, даанч гэмээр харамсалтай явдал байсан даа. Үй зайгүй найзууд болох Тамир, Галсанбат нарын өөд өөдөөсөө харсан гэрийн хаалга, хэзээ ч цоожтой байж үзээгүй юм гэдэг. Атаман болон алдартны гэрт хэн ч зөвшөөрөлгүй орж зүрхэлдэггүй тул, цоожлох шаардлагагүй цаг байжээ.
Энхтайваны энэ фото зургийг түүний хар багын найз, одоогоор Америкт ажиллаж, амьдардаг О.Халиунаагаас "хагархай" Тамираар дамжуулан олж авлаа. Халиунаа нь алдарт "Ардын элч" кино болон "Далан худалч", "Зам" жүжиг зохиосныхоо төлөө БНМАУ-ын Төрийн шагнал хүртсэн, тайж угсааны Чойжамцын Ойдовын (1917-1963) охин. Халиунааг "ногоон" Чойлонгийн (Дагжжавын Чойлон) эхнэр явсан гэдгээр хүмүүс бас мэддэг. Тэдний дундаас мэндэлсэн Ч.Хулан нь өнөөдөр кино урлагийн салбарыг шинэ түвшинд гаргах гэж хичээж яваа билээ. Энэ зураг дээрх Энхтайваны өмссөн ганган цамц, өндөр өсгийтэй гутлыг та бүхэн тогтож нэг ажиглаарай. 1981 оны зураг гэхэд бас л. Түүний үхлийн дараа гэртээ байлгаж байсан гэдгээр Микрийн "хагархай" Тамир баривчлагдаж, хэсэгхэн хугацаанд хөөрхөн хэлмэгдсэн. Гэвч хуурай дүүгийнхээ бичиж үлдээсний дагуу энэ хэрэгт хэнийг ч буруутгахгүй байсаар суллагдсан юм. Нийгмийн дунд хэзээ ч нэр хүндээ алдаагүй тэрээр, хүрэл зэвсгийн үе, хүннүгийн үеийн түүх дурсгалыг бидэнд байдаг чадлаараа ойртуулж өгсөн, манай нэртэй түүхч, археологич, доктор Н.Сэр-Оджавын хүү билээ. Хүүхэд байхдаа гэрийнхээ гадаа, мотоцикл унасан "толгойгүй хүн"-д дайруулж, толгойдоо оёдол тавиулснаар, үеийн нөхдөөсөө ийм хоч авсан болохоос, Тамир маань үнэндээ бүтнээс бүтэн хүн шүү.
Чингис Жагаа
Д.Жаргалсайхан "Монголын Рок нууц товчоо" /МРНТ/ номоос