- “Оройн ээлжтэй, өглөө хүрээд ирнэ ээ” хэмээн найман хүүхдээ үнсээд гэрээсээ гарсан цэл залуухан замын цагдаа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдаад даруй 21 жил өнгөрчээ. Талийгаач Д.Ганбат амиа алдахаасаа зургаан сарын өмнө хууль бус спиртийн ноцтой хэргийг илрүүлж, сарын цалингаараа шагнуулж байсан гэдэг. Гэвч энэ үйл явдлаас хагас жилийн дараа тэрбээр хяналтын постод үүрэг гүйцэтгэж байхдаа өс хонзон санасан этгээдүүдийн гарт 27 удаа хутгалуулж, Туул голын бургасанд хаягдсан байдалтай олдсон юм. Энэхүү аймшигт хэргийн ард ямар нууц дарагдан үлдсэн болон найман хүүхдээ ганцаар өсгөсөн түүний гэргий С.Уранчимэгийн 21 жилийн тэмцлийн талаарх түүхийг бид хүргэж байна.
"Хоолгүй үедээ хоолгүй, хоолтой үедээ хоолтой л байлаа"
Өнгөрсөн 21 жилийн хугацаа С.Уранчимэгийн хувьд дардан байсангүй. Халуунд халж, хүйтэнд хөрч явсаар өдийг хүрсэн тэрбээр “Хоолгүй үедээ хоолгүй, хоолтой үедээ хоолтой л байлаа. Гэхдээ наймын найман хүүхдийг гудамжинд гаргаад, ‘Өөрсдөө амьдар’ гэж болохгүй биз дээ” хэмээн эхийн хайр, амьдралын хатууг сөрж зогссон түүхээсээ хуваалцсан юм. Цэл залуугаараа ханиа алдаж, бага насны найман хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй ээжтэйгээ хоцорсон түүнд амьдрал хатуу хандсан ч тэр бууж өгсөнгүй. "Ханцуй шамлаад, шүд зуугаад тэмцсэн тэмцэл минь биднийг энд хүргэсэн байх" хэмээн бахархалтайгаар хэлэх түүний хоёр ч хүүхэд нь өдгөө аавынхаа мэргэжлийг өвлөж, Хууль сахиулахын их сургуулийг төгсжээ.
17 чингэлэг спиртийн хэрэг ба 54 мянган төгрөгийн шагнал
1997 онд Монгол Улсын хилээр 340 тонн хууль бус спирт оруулж ирсэн алдарт “17 чингэлэг спиртийн хэрэг” мандсан цаг. Хуулийнхны гар мухардаж, хэрэг замхарсан гэгддэг тэр үед буюу 2000 оны 11 дүгээр сард талийгаач Д.Ганбат Яармагийн товчооноос хууль бус спиртийн дахин нэг томоохон хэргийг илрүүлжээ. Энэ тухайгаа тэр гэргийдээ дэлгэрэнгүй яриагүй ч, нэгэн танил нь “Манай Ганбаа өчигдөр шөнө их хэмжээний спирт илрүүлсэн. Сарын цалингаараа шагнуулах гэж байгаа” хэмээн дуулгаж байж. Үнэхээр ч төд удалгүй сарын цалин болох 54 мянган төгрөгөөр шагнуулж, тэрхүү мөнгөөрөө хүүхдүүддээ хувцас авч өгөн хөөрцөглөж суусан тэр өдрөөс зургаан сарын дараа аюулт хэрэг гарсан байна.
С.Уранчимэг гуай өнөөдөр ч ханийнхаа үхлийн шалтгааныг тэрхүү хэрэгтэй холбон харддаг. Тэрбээр “Миний бодлоор манай нөхрийн илрүүлсэн хэрэг 17 чингэлэг спиртийн хэргийн төгсгөл байсан байх. Миний хань бусдын наймаа, эд хөрөнгө, бизнест саад болж, хорхойтой шүдэнд нь зуугдсан болов уу гэж харддаг. Зургаан сар судалж, шинэ хяналтын цэгт ганцаараа гарахыг нь отож байсан хүн л хөнөөсөн. Энэ бол зохион байгуулалттай, томчуудын оролцоотой хүн амины хэрэг” хэмээн нулимс дуслуулан өгүүлэв.
Гэрчгүй хэрэг ба 27 удаагийн хутганы шарх
Хэрэг гардаг тэрхүү харамсалтай шөнө талийгаач шинэ постонд ганцаараа жижүүрт гарч байжээ. Шөнийн 00:00 цагийн үед станцаар дуудаад хариу өгөөгүй тул эргүүлийнхэн шалгахад хяналтын цэг эзэнгүй байв. Хөлөөрөө явж зөрчил шалгаж байгаа болов уу гэж бодтол өглөөний 09:00 цаг өнгөрч байхад Туул голын бургаснаас цогцсыг нь олжээ. Шинжээчийн дүгнэлтээр 27 удаа хутгалсан байв.
"Хэн ч миний нөхрийг хаашаа, хэн аваад явсныг хараагүй. Юу ч байхгүй, гэрчгүй хэрэг. Ажлынхан нь түүнийг 'Чанга Ганбаа' гэж нэрлэдэг байсан шүү дээ. Хэний ч нөлөөнд ороод ажлаа орхиод явах хүн биш. Тиймээс ямар нэгэн даргын нөлөөнд л орж дагаж яваад бүлэглэсэн этгээдүүдийн гарт орсон байх" хэмээн тэрбээр сэжиглэдэг. Цагдаа хүн гэртээ орж ирээд “Та сэтгэлээ бариарай... онц хэрцгийгээр хорлогдож амиа алдсан байна” гэх үгийг сонсоод ухаан алдан унасан тэрбээр түүнээс хойших хоёр сарын хугацаанд юу болсныг ч сайн санадаггүй байна.
Олдоогүй үнэн ба хүүхдүүдийн амлалт
Цагдаа нар цагдаагийнхаа хэргийг дор нь илрүүлнэ хэмээн итгэж байсан ар гэрийнхний найдвар талаар болж, 21 жил өнгөрчээ. Хэний ч танихгүй хоёр хүнийг сэжигтнээр татаж шалгасан ч нотлогдоогүй бөгөөд өдгөө хөөн хэлэлцэх хугацаа буюу 20 жил өнгөрсөн гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох бичиг ирүүлжээ. Энэ нь үлдсэн гэр бүлийнхний хувьд дахин нэг хүнд цохилт болсон юм.
Өрх толгойлсон ээж 18 жилийн турш төр засгаас орон байрны тусламж гуйсны эцэст саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг (Ерөнхий сайд байх үед) Багануур дүүрэгт ажиллах үеэр уулзан учир байдлаа хэлж, хоёр өрөө байрны дэмжлэг авч чадсан байна. Амьдрал арайхийн тогтворжиж, ааваасаа дөрөвхөн настай өнчирч үлдсэн бага хүү нь ханагар сайхан залуу болж өссөн ч, тэдний цээжинд нэг л том бул хар чулуу тээглээстэй хэвээр. Гэвч хүүхдүүд нь "Ээж ээ, та хэргийн материалд гарын үсэг зурах хэрэггүй. Бид цаг нь болохоор энэ хэргийг өөрсдөө хөөцөлдөж, үнэнийг нь олж, аавынхаа сүнсийг амраана" хэмээн амлажээ. Шударга үнэний төлөө амиа өргөсөн цагдаагийн гэр бүлд хэзээ нэгэн цагт шударга ёс ирнэ гэсэн найдвар хэвээр байна.