Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг хотын дарга байхдаа төв талбайд бариулсан усан оргилуураас нь болж нэлээд гоочилдог. Тэрхүү усан оргилуурыг ажилладаггүй, усаа зөөж хийдэг гэх мэт олон шүүмжлэл өрнөсөөр өдий хүрсэн билээ. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан усан оргилуурын тухайд өөрийн хариултыг ийн өгсөн байна.
“Түүхэн газар шинэ өнгөөр амь орж байгааг харах сайхан байна.
Хувьчлагдаж, Улаанбаатар банкинд 10 сая ам.доллар буюу 36 тэрбум төгрөгийн барьцаанд тавигдан зарагдсан байсан газар. Төмөр хашаатай, дотор нь юу айгаа, юу болж байгааг нь ч мэдэх аргагүй, эзэнгүй, гэмт хэргийн голомт, бүр соруулдаг 00-той байсан энэ талбайг хотод буцаан авч, бүрэн шинэчилсэн нь үнэн.
Усан оргилуур бүү хэл, мод зүлэг ч үгүй өндөр барилга баригдах гэж байсан нь ч үнэн. Буцааж авахаар өнөөдөр ч шүүхдэлцэж, олныг төөрөгдүүлж, ус зөөдөг мэт тархи угааж байгаа нь бас гашуун үнэн.
Төвийн шугамтай ариун цэврийн байгууламж, усан оргилуур, автомат усалгаатай анхны жишиг ногоон байгууламж, тохилог амралтын бүс бүхий талбай болгосон нь өнөөдөр үр дүнгээ өгч, амьтай орон зай болон сэргэжээ.
Энэ ташрамд тохижилт, ногоон байгууламж, усан оргилуурыг хийсэн Хот тохижилтын хамт олон, Монгол инженерүүддээ дахин талархлаа илэрхийлье.
Өнгөрсөн өдрүүдэд олон улсын FIBA 3х3 тэмцээн, олон нийтийн арга хэмжээ яг энэ талбай дээр зохион байгуулагдаж байна. Амарч зугаалах орчин, зогсоол бүхий нийтийн эзэмшлийн орчинд ийнхүү амьдрал буцалж буйг харахад сайхан байдаг.
Өнгөрсөн хугацаанд хуучин Ахмадын байр гэх ухсан нүх болсон газрыг ч буцаан авч, олон хүнийг аюулд хүргэх шахсан далбайсан сурталчилгааны самбаруудыг буулгаж, одоогийн Ухамсрын хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж байлаа. Мөн Баянгол дүүрэг, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн АТГ-т орон сууцны зориулалтаар олгогдсон байсныг цуцалж, Баянзүрх дүүргийн 15-р хороолол, одоогийн хилийн цэргийн дэргэдэх мөсөн катокийн талбай гээд нийтдээ 260 гаруй газрыг буцаан хотод авч, 200 гаруй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж шинээр байгуулсан. 1.3 жилийн хугацаанд хотын даргаар ажиллахдаа гардаж ашиглалтад оруулсан Налайхын зам, Олимпийн гүүр, хотын хамгийн урт дугуйн зам гээд томоохон бүтээн байгуулалтууд, иргэдийн суурь хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах тогтвортой хөгжлийн бодлоготой холбоотой эхлүүлсэн олон зуун ажил бий. Хайртай хотдоо зориулсан ажил бүхэн минь үнэ цэнтэй байдаг.
Бодит үнэн, цаг хугацаа хоёр бүхний шалгуур болдог учир гүжир гүтгэлэгт бачуурдаггүй юм.