Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан нар эх орон, ард түмнээ аюул, эрсдэлээс хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай алба болох Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.
Шадар сайд С.Амарсайхан: Өнөөдөр бид эх орныхоо тусгаар тогтнол, ард иргэдийнхээ амар тайван амьдралыг сахин хамгаалдаг Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойг тэмдэглэн, бахархал, урам зориг, хариуцлага, манлайллын утгыг нэгэн дор мэдэрч байна. Энэ бол зөвхөн байгууллагын түүхэн ой биш, харин Монгол төрийн бат бэх тулгуур болсон үндэсний аюулгүй байдлын тогтолцооны чадавх, чадамжийг үнэлэх, дүгнэх онцгой мөч төдийгүй цаг ямагт сонор соргог байж, сэрэмж алдахгүйн чухлыг сануулж байдаг өдөр билээ.
Аливаа гамшиг, аюул ослын өмнө хамгийн түрүүнд очиж, хүндийг нь үүрч, шийдлийг хамгийн богино хугацаанд гарган, тэвчээр, зоригийн сорилтод тэнцэж чаддаг хүмүүс бол та бүхэн. Зовлон бэрхшээл дунд ч зориг алдалгүй зогсож, хөлс хүчээ зориулан, хүн ардаа хамгаалж чаддаг жинхэнэ алба хаагчид юм. Монголын төр, ард түмэн та бүхний эр зориг, сэтгэлийн тэнхээ, хариуцлага, ухаалаг шийдвэрт итгэдэг. Энэхүү итгэл бол зүгээр нэг үг бус, харин 21 жилийн түүх, сорилтыг давах тэсвэр, гамшгийн халуун цэгт эрсдэлийг сөрөн зогсох хат суусан уламжлал, амьдрал аварч, итгэл өгч, улс орноо сэргээн босгох үнэт баталгаа билээ.
Онцгой байдлын байгууллага бол байгалийн гамшиг, осол, гал түймэр, үер ус, цар тахал, техник болон нийгмийн гаралтай аюулт үзэгдлийн эсрэг Монгол төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэдэг стратегийн чухал байгууллага юм. Сүүлийн арван жилд манай улсад тохиолдсон аюулт үзэгдлийн давтамж өмнөх арван жилтэй харьцуулахад 32 хувиар өссөн бол цаг уурын гаралтай гамшиг 2.9 дахин нэмэгдээд байна. Энэ бол бидний зүгээс системийн шинжтэй өөрчлөлт, урьдчилан сэргийлэх бодлого, сөрөн тэсвэрлэх чадавхын талаар цоо шинэ, нухацтай хандлага хэрэгтэй болсны бодит илэрхийлэл юм. Гамшиг ослын эрсдэлийг зөвхөн мэргэжлийн байгууллага биш, үндэстний хэмжээнд ойлгож, хамтын хүчин чармайлтаар сөрөн даван туулах цаг ирээд байна. Иймээс Засгийн газраас “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” зорилтыг бодлогын тэргүүлэх чиглэл болгон дэвшүүлж, Онцгой байдлын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хууль эрх зүй, хүний нөөц, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна.
Сүүлийн жилүүдэд 21 шинэ салбар нэгж байгуулагдаж, байгууллагын хүрээ улсын хэмжээнд 40 гаруй хувиар тэлсэн нь томоохон ахиц юм. Тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангалт сүүлийн 20 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн нь төр, засгийн итгэл дэмжлэгийн тод илрэл юм. Түүнчлэн “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030” баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, олон улсын түвшинд нийцсэн техник, сургалтын тогтолцоо, хүний нөөцийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна. Ур чадвартай, ухаалаг, хариуцлагатай хүний нөөц бол байгууллагын үнэт капитал. Өнөөдөр бид гадаад, дотоод сургалтыг тогтмолжуулж, англи хэлний сургалтыг эрчимжүүлэн, ОХУ, БНХАУ зэрэг улстай хамтарсан сургуулилтуудыг өргөжүүлж эхэллээ. Энэ бол олон улсын түвшинд чадавхтай, мэргэшсэн боловсон хүчин төлөвшүүлэх чухал эхлэл юм. Бид гамшгийн үр дагаврыг зөвхөн даван туулах биш, урьдчилан тооцоолж, тэсвэртэй дэд бүтцээр бэхжүүлсэн, сэргэх чадвартай улс байх ёстой.
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь өнөөдрийн хэрэгцээ төдийгүй ирээдүйн тогтвортой хөгжлийн баталгаа юм. Гамшгийн үед богино хугацаанд хариу арга хэмжээ авч, хурдтай сэргэх чадвартай тогтолцоог орон нутагт төвлөрүүлэн хөгжүүлэх нь зөвхөн төрийн үүрэг бус, иргэн, аж ахуйн нэгж бүрийн оролцоо, ухамсар, хариуцлагатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, Монгол хүн бүрийн аюулгүй, амар тайван амьдрал зөвхөн Онцгой байдлын албанаас бус, харин төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанаас хамаарна. Та бүхэн бол энэ тогтолцооны гол цөм, найдвартай тулгуур. Та бүхний хичээл зүтгэл, манлайлал, нэр төртэй үйлс Монголын ард түмний итгэл найдвар, төрийн хүндэтгэл, нийгмийн үнэт зүйл болон хувирч тодорч байна. Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн энэ өдөр та бүхэндээ гүн талархал илэрхийлж, эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.