"Нийгмийн геноцид" баримтат кино болон Аргентины ерөнхийлөгч асан Хатагтай Киршнерийн хэлсэн үгээс тэмдэглэл. (геноцид -аймаглан устгах гэсэн утгатай үг)
Аргентин.
1991 он. Харанхуй үеийн эхлэл. Нефтийн хамгийн том компани IPF - ийг хувьчлах шийдвэрийг засгийн газар гаргав. Ингэснээр манай тэтгэврийнхэн тэтгэврээ авах болно гэж баяртайгаар мэдэгдэж байлаа. ГазТелийг бас хувьчлах шийдвэр парламентаас гаргав. Энэ хоёр бол Аргентиний хамгийн том, урдаа барьдаг компани байлаа. Иийнхүү харанхуй цаг үе эхлэв. Энэ бүхний үр дүнд бүх зүйл сайжирч сайхан болно гэсэн амлалтууд тэр чигээрээ худал хуурмаг зүйл байв. Тэд ард түмнийг молиго үмхүүлсэн юм.
Авилгал цэцэглэж, зурагт радио хэдхэн "бэртэгчин" хүний гарт орж, гагцхүү хөгжим зугаа цэнгэлийг сурталчилж байлаа. Улс төр ч шоу цэнгүүн болсон байлаа. Энэ үеийг нэгэн гишүүн: Бид нүдээ аниад л гараа өргөөд хуулиудыг баталдаг байв. Бид хуулийг нь ойлгодог ч үгүй, үйлдвэрлэсээр байлаа гэж (кинон дээр) хэлж байна. Сургуулийн хүүхдүүд өлсөж, багш нар багшлахаас гадна нийгмийн ажилтнууд болон хувирав. Тэд хүүхдүүдийг сургууль дээр хооллож эхлэжээ.
1992 он.
Аргентины сангийн сайд АНУ-ын сангийн сайдтай нууц гэрээ байгуулжээ. Засгийн газар облигац гаргав. Үүнийг дагалдан дахин хувьчлал явуулах боллоо. Энэ удаа тэд харилцаа холбоо, замын үйлдвэрлэл, төмөр зам, радио, агаарын тээвэр, зам гэх мэтчилэн 7 том салбараа хувьчлана гэж зарлав. "Одоо ерөнхийлөгч Менемийн гарт юу ч үлдэхгүй" хэмээн баяр бахдалтайгаар зарлаж байлаа. Үнэхээр төрд юу ч үлдээгүй билээ.
100-хан жилийн өмнө хуучин колоничлолоор тэд /барууны эзэд/ алт, мөнгийг хулгайлсан бол энэ удаагийн шинэ колоничлол Аргентины нефть, ус, харилцаа холбоог хулгайлж гартаа оруулж авчээ.
Хувьчилагдсан салбарууд нь Испани болон Францын хөрөнгө оруулагч томоохон компаниудын гарт бүрэн шилжив.
Францтелеком харилцаа холбоог, Испанийн нэг томоохон корпораци агаарын тээврийн шугамыг, Европын бас нэгэн корпораци ундны усыг нь гартаа оруулав...
Ингээд 10 жилийн өнөгөрөхөд, 800 000 ажлын байр алга болж, сая хүн усны гачигдалд орж, мянга мянган хүн орон гэргүй болж, дэлхийн банкнуудад 700 сая долларын өртэй үлдэв...Улс төр маш том бизнес болон хувирав....
1998 он.
Ийнхүү 10 жилийн хугацаанд мафи, хар тамхины наймаа, бохир мөнгө, авилгал цэцэглэж, өнгөтэй өөдтэй бүхнийг хаман авсан олигархууд ба гадаадын Хөрөнгө Оруулагчид ашигыг хэд дахин нугалж олов. Банк санхүү бүрэн гадныхны мэдэлд орж, мөнгөний бүх урсгал гадагшилж АНУ болон Европын банкуудыг баяжуулж байв. /1995 онд Роллинг Стоун хамтлаг Аргентинд ирж, ерөнхийлөгч Менемтэй нөхөрсгөөр уулзав./
Зэвсгийн наймаа, хил дамнасан хууль бус наймаа цэцэглэв. Аргентин гадаадын банк санхүүгийн байгууллагуудад 13 тэрбум долларын өртэй болов. Нийт баялгийн 60 хувь хүн амын 10 хувийн гарт төвлөрөв. Ядуурал, ажилгүйдэл, өлсгөлөн газар авч энд тэнд жижиг бослого хөдөлгөөн гарч байв. Хүний амь нас ч хохирч, олигархи бизнесүүд, мафиуд, хар тамхины наймаачид бие биенээ авлаж байлаа.
Улсын гэсэн юмгүй болж хоцорсон Аргентины хүүхдийн нэгэн эмнэлэг уг кинон дээр гарч байна. Ажилгүй өлсгөлөн цэвэр усны гачигдалд орсон айлуудын бяцхан хүүхдүүдэд эмнэлгийн тусламж хүрэлцэхгүй, эмнэлэгт ирлээ ч төсөв байхгүйгээс эмчилгээ дутмаг, ор хүрэхгүй, амь насаа алдацгааж байна. Энэ тоо нь их юм. Уг эмнэлгийн настай 2 эмч улс төрчдийг буруутган, эгэл жирийн хүний эрх, амьд явах эрх алга болж байгааг ярина.
Шударга бус явдлыг толгой сэгрэн хэлж байна. Нүд нь цөхөрсөн. "Хүмүүс адилхан хүн шүү дээ, эд үр хүүхдээ алдаад шаналж байна" гэнэ. Хүн амын ихээхэн хэсэг нь хогийн цэгт амь зууж эхэлжээ. 1998 он гэхэд гадаад өр 150 тэрбум доллар болов. Өлсгөлөн ядуурлаас болж нэг жилд 350 000 хүн амь насаа алдаж байв. Ийнхүү Аргентинд нийгмийн геноцид хийжээ.
2001 оны 10 сарын 20.
Бүх ард түмнийг хамарсан жагсаал болов. Ажилгүй болсон ажилчид, эмээ өвөө тэтгэврийнхэн, залуус. Гудамжнууд хүнээр дүүрлээ. Цагдаа иргэд мөргөлдөнө. Гэхдээ тэд зогсохгүй, ухрахгүй байна. Өөрчлөлт эхлэв. Тэд ийн дуулж байна: "Өөртөө үлдсэн бүхнээ би хамгаална. Би ярих болно, урагшлах болно, хэзээ ч зогсохгүй..." Ард түмэн ерөнхийлөгч Де Ла Руаг хөөн зайлуулав. Бослогоор 34 хүний амь нас үрэгдэв. Ийнхүү "даяарчлал"-ын эсрэг эхний ялагч нь Аргентин болсон юм.
2003 он.
2003 онд ард түмэн Ерөнхийлөгчөөрөө перонист, зүүний талыг баримтлагч эдийн засагч Нестор Киршнерийг сонгожээ. Тэрээр Аргентиныг буцаан хөл дээр нь босох бүхний эхлэлийг 2003-2007 оны хооронд хийж чадсан юм.
2004 онд Төрийн өмчит - ENARSA-эрчим хүчний томоохон компани байгуулснаар амжилт эхэлжээ. Тэрээр Өмнөд Америкийн Уго Чавез гэх мэт удирдагчдын хамт 'Вашингтоны консенсусыг' өөрийн бүс нутагтаа үл зөвшөөрөх, үл зохих гэдгийг баталж эсэргүүцэн зогсоосон юм. 2010 онд түүнийг нас барахад олон зуун мянган аргентинчууд салах ёс гүйцэтгэхийн тулд нисэх буудал хүртэл жагссан байлаа.
Одоо бол Аргентин улсыг түүнийг гэргий, хатагтай Кристина Киршнер удирдаж байна..../2007-2015/
НҮБ-ын Ерөнхий Ассамблей. 2014 оны 9 сар. Аргентин улсын Ерөнхийлөгч Кристина Киршнерийн хэлсэн үгнээс:
-Би энэ чуулганд 2003 оноос эхлэн оролцож байна. Эхлээд сенаторын хувьд, 2007 оноос Ерөнхийлөгчийн хувиар ирсэн. Бидний (НҮБ) шийдэхээс, авч үзэхээс байнга цааргалдаг асуудал гэвэл Аюулгүйн Зөвлөлийн байгууллагууд жишээ нь ОУВС-гэх мэтийг дахин хянаж үзэхээс татгалзсаар ирсэн явдал юм...
...Манай эх орон Аргентинд юу болсон тухай бид ярьсаар л байсан.Та бүхэн мэднэ, хангалттай туршлага бий,...Манай улс 2001 он гэхэд дефолт болсон. Тэр үед Аргентины өр ДНБ-ийхээ 160% - тай тэнцсэн байсан юм...Ноёд оо, хэрэвзээ та ДНБ-ийхээ 160 хувьтай тэнцэх өрөнд орсон бол зөвхөн зээлдэгчдийг буруутгах биш биш бас зээлдүүлэгчдийг буруутгах ёстой.
1976 оны 3-р сараас эхлэн Аргентинд неолиберализмын дарангуйлал тогтсоноос хойш Аргентин ОУВС-ын хайртай хонгор /beloved/ сурагч болсон. Ингээд урьдчилан тооцоололгүй асар их өр хуримтлуулсан. Дэлбэрэхээс өөр аргагүй болсон. Зөвхөн ЭЗ-т ч биш, улс төрийн хувьд мөн адил. Бид 7 хоногт 5 ерөнхийлөгчтэй ч байлаа. Энэ бүхний эцэст, Аргентинд болсон явдалд хэн нь ч хариуцлага хүлээх боломжгүй болсон.
2003 он хүртэл улс орон ийм байдалтайгаа явсан юм. 2003 оны сонгуулиар 22 - хон хувийн санал авч Засгийн газраа бүрдүүлсний хэдхэн сарын дараа Ерөнхийлөгч /Нестор Киршнер/ энэ Ассамблейд оролцож, Улсад нь өсөлт хөгжлийн төлөө өөр, шинэ загвар шаардлагатай болсныг тэмдэглэн хэлсэн билээ./Нестор Киршнер 2003-2007/. Гэхдээ энэ ард түмэн өр барагдуулах боломжгүй байлаа.Тэр жигтэй хачин байдалд ерөнхийлөгч болсон юм-Үхсэн хүмүүс өр төлөх боломжгүй, гэтэл улс орон цааш амьдрах нь зайлшгүй... Дахин хэлье, өр ДНБ-ий 160% болсон байсан. Энэ нь дан ганц тэр улсын хариуцлагын асуудал биш, харин санаатайгаар тулган хүлээлгэсэн бодлогын үр дагавар юм. Бид хариуцлагаа үүрсээн, гэхдээ зээлдүүлэгчдээс зээлийн нөхцлийг боломжийн болгож өгөхийг бид хүссэн, найдсан. Гэвч ОУВС ердөө л долларт 14% өгсөн. Аргентинд "хадгалуулсан" мөнгөө тэд авахдаа хариуцлагаа үүрч байгаа нь ердөө л энэ...
2003 онд 22 хувийн санал авч сонгогдсон Ерөнхийлөгч маань ажилгүйдэл нь 25 хувьтай, ядуурал 54 хувь, хүн амын 27 хувь нь бичиг үсэггүй, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, амьдралын баталгаагүй, ийм улс орныг хүлээж авсан.
Хөгжлийн шинэ зам, загварын өөрчлөлтөөрөө бид сая сая ажлын байр бий болгох ёстойгоос гадна мөнгийг нийгмийн хамгааллын систем, тэтгэврийнхэн, боловсрол руу, улсын дэд бүтэц рүү, сургуулиуд, зам, усан болон цөмийн цахилгаан станц руу, усны эх үүсвэрүүд рүү, хий болон өнөөдрийн улс орон даяархи одоогийн энэ цахилгаан сүлжээнүүд рүү оруулах ёстой болсон юм.
Төлөвлөж тооцоолоогүй тэр их өр шир манай улсыг сөхрүүлж, бүх салбарыг дорйтуулан, ядууралд унагасан байсан. Харин одоо 2004-2011 оны Аргентины ЭЗ-ийн өсөлт нь энэ улсыг дэлхийд 3-т буюу Болгар, Хятадын ард явж байна гэдгийг ярьцгааж байна. Өмнөд Америк тивд тэргүүлж байна.
Латин Америкийн бүс нутагт Аргентинчууд бид өнөөдөр хөгжлийн чанар, ажилчдын цалингаараа, нийгмийн хамгааллаараа тэргүүлж байна. Бид энэ бүхэнд хүрэх явцдаа урьд нь бусдын тавьсан өрийг ч төлсөөр л ирсэн.
190 000 сая гаруй доллар. Дахин хэлье 190 000 сая долларыг /190 тэрбум?/ өрөнд өгсөн. Хэдхэн сарын өмнө гэхэд л бид 1956 онд "Фарисын Клубын" үед тавьсан өрийг барагдууллаа. Анзаарч байна уу. Энэ Ерөнхийлөгчийг /Киршнер өөрөө/ 3 настай байхад, манай улсын ЭЗ-ийн сайд 1956 онд төрөө ч үгүй байсан, гэхдээ тэр энэ асуудлыг шийдэхэд ЕХ-ны 19 сайдтай хэлэлцээнд орж, бид 642 сая доллар төллөө.
Ингээд дуусаахгүй. Дэлхий Банкинд төлөх өрийн асуудлууд байна. Хэдийгээр миний засгийн үед энэ өрийг тавиагүй ч бид шийдэж эхэлсэн. REPSOL газрын тосны компанитай хэлэлцээрт хүрч 51 хувийг нь төр хяналтандаа авсан юм. Ингээд уг өрийг дарж эхэлсэн, хэлэлцээрт хүрсэн. Бид энэ бүхнийг хийсэн. Зөвхөн ӨӨРСДИЙН нөөцөөрөө, хөрөнгийн зах зээлд нэвтрэлгүйгээр... "Махчин сангууд" цуу яриа гаргаж, "Латин Америкийн популист удирдагчид" хэмээн цоллож, нэр төрийг гутаасан, гүжир гүтгэлгүүд хувь хүн рүү ч, эдийн засаг руу ч, санхүү рүү тасралтгүй давшилсаар байдаг...Террористууд гэдэг бол зөвхөн бөмбөг дэлбэлэгчид биш, улс орнуудын эдийн засгийг тогтворгүй болгож, ядууруулж, өлсгөлөн, уй гашууд учруулдаг нүгэлтнүүд эдийн засгийн террористууд юм. Тэдгээр "махчин сангууд" террористууд юм..." гэж тэрээр НҮБ-ийн индрээс дэлхий дахинд хандаж хэлсэн юм.
Харин
2015.11.22 Аргентины ерөнхийлөгчөөр элит гаралтай, хөл бөмбөгийн багийн эзэн асан Маурисио Масри сонгогдлоо. (цагаан арьстан)
Аргентинийг хөл дээр нь босгосон Киршнерийн гэр бүлийн тэмцлийн түүхийг энэ үйл явдал төгсгөл болгож байна уу. Энэ ерөнхийлөгч Перонист биш анхны ерөнхийлөгч болж байна.
Масри бол баян газрын эзэн, тэрбумтны хүү бөгөөд, түний амьдрал яг л драм лугаа аж. Аргентины сөрөг хүчин болох бүгд найрамдахчуудын төлөөлөгч тэрээр 3 дахиа гэрлэсэн бөгөөд загвар өмсөгч эмэгтэйг сонгосон байна. Түүний хэв маягийг АНУ-ын бүгд найрамдахчуудынхтай зүйрлэдэг.
Эдийн засгийг либералчлахыг дэмждэг ийм хүн байна.
Ерөнхийлөгч Кристина Киршнерийн дэмжиж байсан нэр дэвшигч Daniel Scioli 45,71 хувийн санал авч Масри 54,29 хувийн санал авсан юм байна. Сонгуулийн хүчирхэг кампанит ажиллагаандаа тэрээр шар бөмбөлгүүд хөөргөж байлаа, дуучин Фредди Меркуриг дуурайж Аргентин кумба ч бүжиглэж байлаа гэсэн байна. Тэрээр нийслэлийн бүсийн том хотуудад ихээхэн саналаа авчээ.
Масри 2015.11.25 нд нэрсийг нь зарлаж, 12.10-нд ажилдаа орсон кабинетаа корпорациудын "ахмад зүтгэлтнүүдээр" бүрдүүлэв. Сангийн сайдаар JPMorgan Chase-ийн гүйцэтгэх захирал асан хүн, гадаад хэргийн сайдаар Аргентин Телекомын захирал асан, Эрчим хүчний сайдаар Shell Argentina-гийн ерөнхийлөгч асан, Бүтээгдэхүүн Үйлдвэрлэлийн сайдаар Aerolíneas Argentinas-ын дарга General Motors-ын бүсийн захирал байсан хүнийг, Зам тээврийн сайдаар гэр бүлийнхээ машины дилерийг тавив. АНУ-д бэлтгэгдсэн банкирууд голдуу жагсаалтаар энэ цааш нэмэгдсэн болно.
2015.12.10
Шинэ ерөнхийлөгч Масри Аргентины мөнгөн тэмдэгт болох Песог чөлөөлөв!
Маргааш нь гэхэд л песоны доллартай харьцах ханш нь 40 хувиар унав.
1 доллар 9,8 песо байсан ханш 13,9 песо болов. 2002 онд л ийм байсан билээ. Энэ нь Аргентинд ажилладаг гадаадан компаниудад ихээхэн ашиг авчирсан ба, энгийн иргэдэд хүндээр тусав. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, тэдний хадгаламж 4 дахин унасан гэсэн үг юм.
Масри ажлаа авмагцаа өмнөх удирдагчдын явуулж байсан /популист/ ард түмний төлөө бодлогыг бүгдийг эргүүлэн буцаах алхмуудыг хийж эхлэв...
Өрөнд баригдаж, шалдаа унаж, ард түмнээ нийгмийн геноцидонд өртүүлсэн, хамаг байдгаа харийнханд алдсан,...Энэ байдлыг өмнөх 2 ерөнхийлөгч өөрчилж, Вашингтоны консенсусыг сөрөн зогсож, Аргентин улс латин америкийн тэргүүн байрт гарч ирсэн билээ. Өрнөөс салж, эдийн засаг хөгжиж, хүн амын амьдрал хангамж, сайжирч, хүмүүс ажилтай болсон. Аргентин улс дэлхийд нөлөөлөх хэмжээний дуу хоолойгоо гаргаж эхэлсэн байлаа.
Масригаас горьдох зүйлгүй. Барьсан ч алдахгүй. Сонгуулиар, "сонголтоор" хорвоог тэр чигт нь хөмөрч ч болдог байна...
Даяарчлагчид амар тавихгүй ээ. Анаж байгаад л зуугаад авдаг байна. Цаашид юу болох бол? Энэ улсад иргэний дайн, ядуурал, үймээн бужигнаан дахин өндийж ч мэднэ.