Монгол Улсын Бөөр шилжүүлсэн суулгах үндэсний багаас П.Батчулуун эмчийн талаар болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
2024 онд амьгүй донор хүлээж байсан 167 бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар амьгүй донороос бөөр хүлээсэн 696 хүн байна. Тархины үхэлтэй донороос эд эрхтэн авахдаа нэрлэсэн эрхтнийг системээр нь авах шаардлагатай. Тодруулбал, бөөрийг давсаг руу орсон сувагтай нь, элгийг судастай нь, шөрмөсийг чөмөгтэй нь авдаг учиртай. Энэ бол олон улсад хийгдэж байгаа эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний арга технологи аж.
Бөөр шилжүүлсэн суулгах үндэсний багийн ахлагч, эмч М.Эрдэнэсайхан: Бөөрний дутагдалд орсон өвчтөнд хэрэглэж байгаа бөөр орлуулах эмчилгээ сайн болон муу талтай байдаг. Монгол Улсын практикт хэвлийн гемодиализ болон цус шүүх, бөөр шилжүүлэн суулгах гэх мэт гурван төрлийн эмчилгээ хийдэг. Гемодиализ болон хэвлийн деализ олон жил хэрэглэхээр зүрх тэлэгдээд зүрхний дутагдалд ордог. Тиймээс өвчтөн гемодиализ эмчилгээ хийлгэх боломжгүй болж, амь нас нь эрсдэлд ордог. Ийм үед яаралтай бөөр шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлага үүсдэг.
Жил бүр бөөр шилжүүлэн суулгах 50 мэс заслыг төрөөс үнэ төлбөргүй хийдэг. 14 хоногт нэг удаа гурван хүнд мэс засал хийдэг. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэдэг бол мэс заслын нарийн технологи байдаг. Бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдснаас хойш тархины үхэлтэй донороос мэс заслыг 2008 онд хийж эхэлж байсан. Ингээд нийт 57 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Энэ хүмүүсийн амьдралын чанар сайжраад эрүүл саруул амьдарч байна. Өнөөдөр манай төвийн хяналтад Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгасан 318, гадаад улсад бөөр шилжүүлэн суулгасан 184 өвчтөн байна. Хамаатан садангаасаа бөөр авах гэхээр дархлааны хариу урвал үзүүлэх магдалалтай иргэд тархины үхэлтэй донороос бөөр авах шаардлага гардаг. Тухайн өвчитнүүдийг бид Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр цусны бүлгээр нь жагаалт үүсгэн бүртгэдэг. Энэ бүртгэлд одоогоор 695 өвчтөн бүртгэлтэй байна.
Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч Д.Нямсүрэн: Анагаах ухааны хөгжлийн оргил болсон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг манай эмч нар хийж байна. Бид 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн ч амжилт муутай болсон. Ингээд 10 жилийн дараа буюу 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. Одоо бид 400 дэх мэс заслаа хийж байна. Энэ үйл ажиллагааг явуулахад П.Батчулуун эмч онцгой хувь нэмэр оруулсан. Эд, эс, эрхтэй шилжүүлэн суулга алба 2018 онд байгуулагдсан. Үүний дараа амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс зас эрчимтэй хийгдэж эхэлсэн. Тиймээс П.Батчулуун эмчийн оруулсан хувь нэмэр, гавьяа асар их юм. Энэ хүн хүний төлөө явж байгаад ял авч байгаа нь маш харамсалтай байна.